Гэнэт юм бичмээр санагдаад
Нэг өдөр ээж утасдаад миний хүү аав ээж хоёр нь нэг машин авах санаатай байна, дөрвөн дугуй нь хөтөлдөг, кабиндаа 4 хүн суучихдаг бас хойноо ачаатай машин хэрэгтэй байна, Чи нэг Да хүрээгээр яваад ямар машин хэд орчимоор авчих боломжтой байна мэдээд өгөөч гэсэн хүсэлт тавив.
Өөрсдийн санал нь бол ачааны Istana, Porter II, L200 гэх маягын сонголтууд байв.
Форумаас санал асууж үзлээ, Да хүрээ ч гарч үзлээ. Давхар кабинтай фортер бол ховор байдаг юм байна. Бас Фортер 2 болон он залуу Frontier-ууд CRDI гэдэг эмзэг мотортой байдаг гэсэн тул жагсаалтаас шууд хасав.
2002-2003 оны Kia Frontier-ууд жаал үзлээ. Давхар кабинтай, 4WD Kia Frontier-ууд зөндөө байна. Даанч хэдийгээр гаднаас харахад цэмбэгэр боловч нарийн шалгаж үзэхэд далд газруудаараа зэвэнд идэгдсэн, цэмбийтэл будаад янзалчихсан машинууд, мөн 4WD-ын урд хөтлөгч нь вакуум сорогчоор залгагдаж, салдаг энэ нь өвөл ихэнхдээ ажилдаггүй, эвдэрчих гээд байдаг гэсэн тул сүүлдээ солонгос машин хайхаа ерөөсөө болье гэж шийдээд Япон машин хайж үзлээ.
Да хүрээ орсон эхний өдөр нэг Япон машин зогсож байсан нь нүдэнд өртсөн нь Toyota Dyna гэх машин байлаа.
4 битгий хэл 5-6 хүн кабинд нь суугаад явчих боломжтой, Frontier-ыг бодвол том тухлаг. 2тн-ы даац бүхий модон доторлогоотой тэвштэй. Хойноо давхар дугуйтай. Гэм нь нөгөө 4WD нь биш зөвхөн хойноо хөтлөгчтэй.
3RZ-FE гэх 2.7сс бинзен хөдөлгүүртэй. Зарж буй залуу нь хотод үсрээд л 12л иддэг гэж айлдсан боловч энэ ч худлаа лдаа гэсэн бодол толгойноос гарсангүй. Toyota hilux, proda гэх мэт машинуудад тавигддаг, тэр болгон асуудал үүсгээд байдаггүй сайн мотор гэж сонссон тул мотороос нэх айсангүй.
5 шатлал бүхий механик хурдны хайрцагтай. Аргагүй ачааны truck гэсэндээ torque өндөр ачаагүй үедээ 1-р араагаар хөдлөх ямар ч шаардлага байхгүй, 2-р араагаар хөнгөхөн хөдлөөд явчихна.
Анх авахад иймэрхүү л тэрэг байсан. Запасанд нь өвлийн хээтэй 4 дугуй дагалдуулж өгсөнийг нь тэвш дээр нь чулуудчихав.
За авсаны дараа хамгийн түрүүнд хийх ёстой зүйл байсан нь өндөрлөгөө юм уу бүхээг хийлгэх.
Нэг ахруугаа залгасан чинь таньдаг хүн нь төмөрөөр юм хийдэг болж таарсан тул шууд үйлдвэр дээр нь давхиад очлоо.
Үр дүн нь
салгаж авч болдог нугастай өндөрлөгөөг хамгийн боломжын гэсэн төмрөөр зөвлөгөө авсны дагуу дээрх загвараар хийлгэв.
За тэгээд өөр хийлгээд байх зүйлгүй, үзлэг оношилгоо, татвар бусад бүх зүйлс асуудалгүй тул шууд Өвөрхангай гараад давхиж өглөө.
Банк нь жижигхэн юм аа. 10л бинзен нь л үлдсэн гэж тооцоолсон банкинд 30 гаран литр бинзен ороод л дүүрчихэв.
Хотоос гарлаа. . . 5-р араандаа хийгээд хаазлаад л байлаа, 100км/ц хурдтай явахын тулд нормалийн зүү 3500 хавьцаа байсан санагдана. Ингээд удаан явахад идэлт их байх шинжтэй, ядаж байхад салхитай өдөр гарсан тул өөдөөс салхины эсэргүүцэл нилээд мэдрэгдэж байна.
210 орчим км яваад Эрдэнэсант ороод банкаа дахиад дүүргэв, 34л шатахуун орж байна. Санасанаас их идэж байна.
Эрдэнэсантаас хөдлөөд нормалийн зүүг 3000-аас хэтрүүлэхгүй явахаар шийдэв, хурд 80км/ц. Байнга ингэж явбал уйдахаар, заримдаа нойр хүрмээр залхуутай байсан ч явсаар байгаад Өвөрхангай оров. Дахиад яг 210 гарантай яваад Өвөрхангай дээрээс дүүргэв. 26л орчим шатахуун ороод дүүрэв. Хөдөөний шороон зам дээр бол тэр болгон 3000 хүртэл хаазлаад явах нь гайгүй болохоор 15-аас дээш идэхгүй байлгүй дээ.
Явдал бол хатуу талдаа, урд хойноо нумтай, хойноо нэмээд туслах нумтай. Бууж суухад хөөрхөн өндөр боловч доогуураа портер эд нараас лав өндөр биш. Дизель биш бинзен тэрэг сонгосон нь өвөл унахад биед амар, асаахад юү юүгүй царцаад байхгүй, кабин нь хурдан хална, элдэв үнэр танаргүй, дуу шуу багатай гэсэн үндэслэлүүд болно. Яахав шатахуун зарцуулалт жаахан өндөр, магадгүй хүч тийм ч хангалттай биш байж болох ч тэнд тэгэж 2тн гаран юм ачаад байх зүйл байхгүй тул хангалттай болов уу.
За тэгэж байгаад жаахан засаж, сайжруулна аа. Сүүлдээ юү бичих гэж байсанаа мартчихлаа.