Mercedes Benz G class W460 машины тухай хэрэглэгчийн шүүмж бичнэ хэмээн амлаад нэлээд уджээ. Нэгэнт хэлснээр нь хэтэрхий өргөмжлөгдөж худал тахин шүтэгдсэн үү гэдэг нь гүн ухааны том асуудал хэвээр тул Молор-эрдэнэд үлдээе!
Аливаа нэг юманд шүүмж бичнэ гэвэл заавал харьцуулан шинжлэхгүйгээр оновчтой болохгүй мэт санагддаг, миний мэргэжлийн зуршил юм уу даа.. Энэ удаад машиныг ижил төстэй машинтай эсвэл цаг хугацаатай, хэрэглэгч жолоочын эсрэг харьцуулахаасаа илүү ХҮНТЭЙ харьцуулбал оновчтой мэт санагдаж байна
Тэгэхээр ийм юм болсон юм... Миний ажиллаж байсан байгууллага бол байдаг л нэг унжгар сул өдөр хоног, тайлан тушаал өнгөрөөсөн төсвийн байгууллага. Ийм байгууллагыг удирддаг хүмүүс нь эндээ л боловсорсон, эндээ л ажиллаж байсан, эндээ л өтөлж байгаа хүмүүс байх нь олонтаа. Ингэж хэлдэг нь бас нэг иймэрхүү газрын захирлаар томилогдоод хэсэгхэн хугацаанд хийж үзээд бушуухан больсон миний гашуун туршлага гэдгийг саначих!
Mercedes Benz G class W460 бол яг ийм захирал! Ажил мэргэжлээрээ ажиллаж эхлээд 35 жил болсон тухай би өмнө нь өгүүлсэн. Энэ хооронд үндсэндээ юу өөрчлөгдсөн бэ гэж асуувал маргаантай ч юу өөрчлөгдөөгүй вэ гэж асуувал бүүр адармаатай. Анхны зориулалт, хэрэглээ чанар нь хэвээр мэт боловч он цагийн уртад аргагүй сулдаж доройтох нь жам ёс. Манай экс захирал бол тийм л нөхөр. 70-80аад онд тэр үеийн арга зүй, тэр үеийн боловсрол нь хангалттай байж хэсэг хугацаанд үнэлэгдэж ирээд 90 он гарсан даруй царцсан хүн байгаа юм. Орос хэл мэдэхгүй шахуу, англи бол бүүр ойлгомжтой, биеээ авч яваа байдал этгээд дээрэнгүй, болхи, мэдрэмж, боловсон ёсонд тааруу. Нэг үгээр хэлбэл инерцээрээ явсаар байгаад аргагүй зогсож байгаа хүн. Тийм боловч бусдаас хүндлэл шаардана, бусдад ялангуяа над мэтийн шинэ үеийн мэргэжилтнүүдэд айдас төрүүлдэг том хүн байх хүсэлтэй, уг нь хүндлэгддэг бол хамаагүй дээр. Тийм л машин гэвэл би Mercedes Benz G class W460-г нэрлэнэ, жолоодож явахад их дээрэнгүй, шууд л чигээрээ юу ч байлаа дайраад нидрээд гардаг, маневр муутай. Гэхдээ энд 2 ялгаа бий. Захирал гуайг ааш авир байгаа байдлаас нь болж хүндлэх хүн, үгүйтэй гэхэд час хийсэн ганц шавь болон дэмжих хамт олон ч алга. Харин Mercedes Benz G class W460-д бол түүнийг байнга асарч тэтгэж, дэмжиж тусалдаг "хамт олон" бий. Үүний шалтгаан нь бол хэлсэндээ хүрдэг хийх ёстойгоо хийдэг, найдвартай нөмөр нөөлөгтэй машин.
Aнзаарсан нэг зүйл гэвэл аль аль нь хүний үг авахдаа муу! Mercedes Benz G class W460-д зөвхөн оригинал сэлбэг л байх, түүнийг дагаж хөгжсөн нэмэлт тоног үйлдвэрлэгч ховор юм. Түүнтэй адил захиралд бол эхнэрээс нь өөр хүн юм хэлээд ер бүтэхгүй.
Миний ажигласнаар бол түүнээс илүү машин олон, бүүр дэндүү олон байх юм. Хэрэглээ болон технологийн хөгжлийн дагуу олонх машинууд танигдагүй болтлоо өөрчлөгдөж ч байна. Mercedes Benz G class W460 ч гэсэн ийм оролдлогууд их хийдэг, тэр нь буруу зүгт явчихсан болохыг эс тооцвол. Тэр нь манай захирлын хямдхан гялгар хослол, юнителийн ногоон зангиа, хурал семинараас олж авсан хавтас балнаас ямар адилхан болох нь харагдана. Гэсэн хэдий ч тохь тух муутай, болхи мангардуу хийцтэй, идэж уух, хольж солих юм нь барагдахгүй энэ машинд ямар ч гэсэн муу нэртэй захирал хийгээд хамаг ажил хар толгой дээрээ хариуцаад явж байгаа нь хүнээс илүү гарах юм ховор.
Эцэст нь луувангаас амттай зүйл их байдаг тухай би та нарт хэлдэг, дахиад хэлье! Луувангаас амттай юм их бий! Гэхдээ лууванд хүнд хэрэгтэй юм их бий! G бол тийм л машин.