Нэгэн цагт камикадзе-модон онгоц хийж хөл дээрээ боссон японы жижигхэн мөртлөө том үйлдвэрлэгч бий. Уламжлалдаа үнэнч энэ компани дөчин жил ганц хөдөлгүүртэйгээ зууралдсаар. Автомогул VW хүртэл хийхээс төвөгшөөж Porsche-с нь өөр машинд харагдахгүй болсон энэ цаг үед шүү, ямар учир байна?
Тэртээ 1896 онд Германы инженер Карл Бенз (тийм ээ, нөгөөх чинь) патент авсан “дэлгэмэл хөдөлгүүр”-ийг Fuji Heavy Industries 1971 оноос онгоцонд, 1989 оноос автомашинд зориулан үйлдвэрлэж эдүгээ 4 үндсэн үед хамаарах нийт 25 хувилбартай болжээ.
Хэдийгээр EJ цувралын хөдөлгүүрүүд нь хүчирхэг бас эргэх хүч ихтэйн хэрээр сайжруулж засах юм ихтэй бөгөөд хөдөлгүүрийн код нь 5 дугаар бүхий турбо шахуургатай хөдөлгүүрүүд (болон тэдгээрийн эзэн)-д ихээхэн хамааралтай. Үүнд цахиурын агууламж ихтэй хөнгөн цагаанаар цутгасан(!) поршен болон ардын аман зохиолын хэлэнд “гар биеийн укладш” хэмээн нэрлэдэг эд ангийн тосолгооны асуудал орно (тосны шахуурга үүнд хамаагүй).
ӨНДӨР ХҮЧИН чадалтай Subaru хөдөлгүүрийн үйлдвэрийн ECU tuning нь гарах хорт утааны найрлага, хэмжээний хязгаарлалтаас болж ихээхэн ярвигтай болсон бөгөөд өндөр ачаалалтай явах үедээ ч холимогийн хэмжээ ядмаг байхаар тохируулснаас үүдэж knocking/pinging/detonation (монголоор хэлж мэдэхгүй) үүсгэдэг нь дотоод даралт савлахад хүргэнэ. Үр дүнд нь юу болох нь ойлгомжтой.
Ер нь EJ-цувралын хөдөлгүүр нь ЦУТГАМАЛ ЭД АНГИ их боловч гүйцэтгэл, угсрлалт сайн тул элдэв асуудалтай учрах нь бага. Харин нэгэнт цаг хугацаанд элэгдсэн эд анги, туршлагагүй жолооч, чанаргүй эд анги, сэжиг бүхий шатах тослох материалаас үүдэлтэй эвдрэлээс шалтгаалан таагүй нэр дуулдаг юм. Элдэв форум уншиж байхад хөдөлгүүрийн халалттай холбогдуулан өндөр даралт/эзэлхүүнтэй тосны насос угсрах, бага хэмд нээгдэх термостат солих тухай зөвлөгөө их байдаг ч ДАВТАЖ хийсэн, өндөр даацын эд анги сонгож угсрах, ECU тохиргоо хийх замаар асуудлийг 3 өөр түвшинд шийдэж болно. Үүнд:
+100 морьны хүч: интеркүүлер, том инжектор, ECU тохиргоо (сток хөдөлгүүр хангалттай)
+200 морьны хүч: давтаж хийсэн поршень, том турбо, том интеркүүлер, том инжектор болон насос, ECU тохиргоо
+300 морьны хүч: давтаж хийсэн поршень болон шатунь, бүүр том турбо, томоос том интеркүүлер, том инжектор болон насос, ECU тохиргоо
Аль ч тохиолдолд тос баригч нэмж угсрах (маш чухал), тосний жийргэвчүүдийг сайжруулж солих (бүүр чухал), их биеийн боолтуудыг сайжруулах шаардлагатай бөгөөд хэт халалтын асуудлыг усны помп, түүний урсгалын хурдыг хөдөлгүүрийн урд ба хойд хэсэгт жигдрүүлэх замаар шийдэх шаардлагатай. Ингэснээр тослогоо болон цилиндрийн халалтаас сэргийлнэ.
Мэдээж хэрэг энэ хөдөлгүүрийг тааруухан гэх аргагүй болохыг засварын газарт ирсэн автомашинуудын тоо, статистикаар ЭНГИЙН Subaru машинууд олон жилийн турш, тасралтгүй “сүүлдэж” байгаагаас тод харагдана. Харин бидний хэлдэгээр performance хөдөлгүүрүүд технизийн болон хэрэглээний хувьд огт өөр юм.